ДЭЛХИЙН СТАНДАРТЫГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ НЭВТРҮҮЛЭХ “МЭТАГРО” ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦОГЦ ТӨСЛИЙГ ХЭНТИЙ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний зүүн аймгууд дахь нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон яамны төлөөлөлтэй хамт оролцож байна. Энэ хүрээнд Хэнтий аймгийн Өлзийт тосгонд мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр орчин үеийн хосолмол аж ахуйг үүсгэн байгуулсан “Мэтагро” ХХК-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай газар дээр нь танилцлаа.
Тэд ажлынхаа эхэнд Хэнтий аймагт "М-Агро" ХХК-ийн хэрэгжүүлж буй “МЭТАГРО” хөдөө аж ахуйн цогц төсөлтэй танилцлаа. Тус төсөл М-Си-Эс Холдинг ХХК-ийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хэрэгжиж байгаа бөгөөд Хэрлэн сумын Өлзийт тосгоны Чандганы талд 10200 га газарт үйл ажиллагаагаа эхэлж, бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Өөрөөр хэлбэл Өлзийт Энсада ХХК-ийн тариалангийн талбайн 90 хувийг худалдан авч газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Төслийн зорилго нь хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ болон гуравдагч орнууд руу Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нээх, Дэлхийн стандартыг Монголын Хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх, Газар тариалан- мал аж ахуй хосолсон Хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг ашиглан бүс нутгийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.
Тухайлбал, энэ онд 100 га талбайд усалгааны систем байгуулж, ус хуримтлуулах, дамжуулах байгууламж, усалгаатай газар тариалан, модны үр суулгац тарих хүлэмж, үхрийн аж ахуйн байгуулж эхэлсэн байна. Үүнчлэн ОУ-д мэргэшсэн мэргэжилтнүүд, технологичдыг урин авчирч ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлохын тулд нэвтрүүлэх шаардлагатай олон улсын стандартуудыг IPPC /Ургамал хамгааллын олон улсын конвенци/ CODEX /Хүнсний аюулгүй байдлын Кодексийн стандарт/ OIE /Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Монгол улсад нэвтрүүлэх хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх саналаа уламжлав.
Ирэх 12 дугаар сард тус төслийн хүрээнд Үхрийн аж ахуй байгуулагдсанаар 2022 онд 2230 толгой, 2023 онд 10 мянган толгой, 2024-2025 онд 20 мянга гаруй толгой үхэр худалдан авалт хийж, бордон зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар "М-Агро" ХХК-д 65 хүн ажиллаж байгаа бөгөөд үүнээс 31 нь Хэнтий аймгийн иргэд байна. Ажилчдын ажиллах нөхцөл, байрлах байрыг цогц байдлаар шийдэж буйгаа компанийн зүгээс танилцууллаа. Төсөл хэрэгжсэнээр 200 ажлын байр шинээр бий болох бөгөөд үүний 25-30 хувийг орон нутгаас бүрдүүлэх юм.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Олон улсын чанарын стандартад нийцсэн хөдөө ахуйн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж буйг сайшааж "М-Агро" ХХК-ийн зүгээс дэвшүүлсэн саналыг хүлээн авлаа. Аймаг орон нутгийн зүгээс ажлын байр нэмэгдүүлэх, газар тариалан, ХАА-н дэвшилтэт технологи нэвтрүүлэх, орон нутагт татвар, орлого хуримтлуулах гэх мэтчилэн олон талын ач холбогдолтой ажил хэрэгжүүлж байна гэж үзэж байна.
2022-10-31 11:19:32